Т.Буян-Өлзий: Ханбогд сум бие дааж хот болох суурийг тавихын төлөө ажиллалаа

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзийтэй ярилцлаа.

-Таны хувьд сумынхаа ИТХ-ын төлөөлөгчөөр нэлээд олон жил ажиллаж байна. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллах гараагаа хэрхэн эхэлсэн бэ?

-Би 1999 онд ХҮДС-ийг төгсөөд сургуульдаа худалдааны менежерийн багшаар үлдэх гэж байсан юм. Гэтэл тухайн үеийн сумын Засаг дарга Д.Буянтогтох гэж хүн хотод ирээд Ханбогд суманд залуу боловсон хүчин очиж байж сумаа хөгжүүлнэ ээ гээд намайг аваад явсан. Ингээд 1999 оны наймдугаар сарын 20-нд намайг шууд Ханбогд сумын ерөнхий нягтлан бодогчоор томилж байлаа. Би 2000 оноос Ханбогд сумын МАХН-ын дэргэдэх АСЗХ-г үүсгэн байгуулж 2012 он хүртэл тэргүүнээр нь ажилласан. 2004 оноос хойш гурван удаа сумынхаа ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож ажиллалаа. 2012 оны орон нутгийн сонгуулиар сумын ИТХ-д МАН үнэмлэхүй ялалт байгуулж олонхи болсон. Мөн аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн Б.Эрдэнэ-Очир төлөөлөгч сумынхаа иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон. Ингэж өнгөрсөн дөрвөн жилд Засаг даргын мөрийн хөтөлбөр буюу МАН-ын мөрийн хөтөлбөр Ханбогд суманд бүрэн хэрэгжих боломж бүрдсэн.

-Ханбогд сум гэхээр л Оюутолгойн уурхайг ярих болдог. Энэ том бүтээн байгуулалтыг нутаг дэвсгэр дээрээ өрнүүлж байгаа сумын хөгжлийн дүр зураг хэрхэн бууж байна вэ?

-Ханбогд сумын давуу байдлыг хөгжлийн гарц гэж харж байгаа. Манай сумын хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадавхи, эдийн засгийн боломжтой. Юуны түрүүнд Оюутолгойг л хүмүүс ярьдаг. ГэтэлОюутолгойгоос өнөөдөр Ханбогд суманд ордог нэг ч татвар байдаггүй. Энэ том уурхай Монгол Улсад хэчнээн тэрбум төгрөг төлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Өмнөговь аймагт мөн хэчнээн тэрбумыг төлж байгаа билээ. Зөвхөн ус ашигласны төлбөрөөр жишээ татахад Өмнөговь14 тэрбумыг жилдээ өгч байна.Энэ татвараас аймагт үлдээд тодорхой хэсгийг нь улсын төсөвт төвлөрүүлдэг. Гэтэл тэр мөнгийг аймаг 15 хуваагаад сумдадаа хуваарилдаг болохоос Ханбогд суманд очдоггүй. Ийм байхад манай сум тодорхой хэмжээнд төсвийн орлого бүрдүүлээд өөрөө өөрийнхөө эдийн засгийг чадавхижуулаад явж байгаа. Энэ бол Ханбогд сум Оюутолгойгоос хараат бусаар хөгжих боломжтой, бие даасан байдал нь харагдаж байгаа юм. Энэ бол бидний давуу чанар.

-Сумын ИТХ-ын төлөөлөгчийн хувьд өнгөрсөн дөрвөн жил юун дээр анхаарч ажиллав?

-Ханбогд сумыг цаашид хөгжүүлэх үзэл баримтлал, чиглэлүүдийг тодорхойлж, түүнд хүрэх хууль эрх зүйн орчныг бий болгоход анхаарч ажиллалаа. 2012 оноос өмнөх дөрвөн жилд бол Оюутолгойн уурхайн оргил үе байсан. Ил уурхай ашиглалтад орж, бүтээн байгууллалтын ажил ид өрнөж байсан. Тэгэхэд манай суманд ажилгүй хүн бараг байгаагүй. Өөр аймаг, сумаас манайд ажил хайж ирэх хүн олон байсан. Харин сүүлийн дөрвөн жил Оюутолгой зогсонги болсон. Далд уурхай эхлэх нь тодорхойгүй болоод ажилчдаа хэдэн мянгаар цомхотгосон. Энэ дөрвөн жилийн статистик үзүүлэлтийг харахад тодорхой ажлын байр зарлагдаагүй байдаг юм. Гэтэл бид Оюутолгойд ажиллаж байгаа орон нутгийн иргэдээс хүн халуулаагүй нь нэг том амжилт. Яалт ч үгүй ажлын хариуцлага алдсан, олон удаа сануулга авсан хүмүүсийг л гэхээс биш бусдаар бол бид энэ дөрвөн жил орон нутгийн иргэдийг халуулахгүйн төлөө л зогссон. Ажлын байр нэмэгдээгүй байхад бид ажилтай байгаа хүмүүсээ цомхотгуулахгүй байх л бодлого барьж байсан.

-Одоо Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалт эхэлнэ. Эргээд монгол ажилчдыг олноор авах гэж байна. Та бүхэн Ханбогдоос хэчнээн хүн ажилд ав гэсэн шаардлага тавих вэ? 

-Одоо гүний уурхай эхлэхэд 3000 монгол ажилчин авна гэж байгаа. Үүний 500-г нь Ханбогдоос авах ёстой. Гэхдээ зөв бодлого хийж хөдөлмөрийн тогтолцоо руу зөв оруулахгүй бол Ханбогдод очсон хүн бүхэн ажлын байртай болох юм байна гээд Монголын ажилгүй хүн бүхэн наашаа зүтгэх юм бол бүтэхгүй. Нэг жишээ хэлэхэд ил уурхайд 40 операторчин авна гэсэн сургаар манай суманд 400 гаад хүн шилжиж ирж байна. Тэгэхээр 3000 хүнийг Ханбогдоос авна гэвэл Монголын 30 мянган ажилгүй хүн Ханбогдын иргэн болох гэж тэмүүлэх болно.

-Тэгвэл үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Улсын хэмжээнд Хөдөлмөрийн яаман дээр ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж болно. Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Ханбогд сумын хөдөлмөрийн мэргэжилтэн гээд шат шатандаа тодорхой квот зарлаад ажилчдаа шалгаруулж авдаг байх ёстой. Бид энэ талаар “Оюутолгой” ХХК-тай ярьж байгаа. Яг ямар асуудал ярьж байгаа вэ гэвэл 800 ажилчин авлаа гэхэд 80 эсвэл 100-г нь орон нутгаас авдаг байгаач ээ. Тэр нь Ханбогдын үндсэн иргэн эсвэл 3-5 жил энэ  нутагт суурьшсан, энд ирж ажил горилоод 3-5 жил болсон хүмүүс байх ёстой. Нэг бол Ханбогд сумын иргэдтэй суусан хүргэн, бэрүүд байж болно. Ийм байдлаар тэр 100 ажлын байрыг хуваарилах юм бол бид ажилгүйдэлтэй бодитой тэмцэнэ. Тэгэхгүй бол 40 ажлын байрны зар гарахад 400 хүн ирж байгаа юм чинь 400 хүний ажлын байр гарлаа гэх юм бол 4000 хүн Ханбогдод орж ирэх нь байна шүү дээ. Ханбогд сумын үндсэн иргэд 3000 хүрэхгүй байхад одоо 6200 хүн амтай болчихлоо. Гүний уурхай эхлээд 3000 ажилчин авна гэхэд манай сум оны эцэст 20-30 мянган хүн амтай болох ийм л төлөв харагдаж байна. Яагаад гэвэл Тавантолгой зогсчихлоо. Тиймээс өнөөдөр Цогтцэцийгээс нэг удаа л 110-120 хүн ирж байна. Тэр уурхайд ажиллаж байгаад ажилгүй болсон залуус Оюутолгойн далд уурхайд ажилд орохыг мөрөөдөж байна. Ажлын байр байхгүй байгаагийн шалтгаан тэр. “Тавантолгой”, “Энержи ресурс” хоёр зогссоноор өнөөдөр Ханбогд сумын ажилгүйдлийн түвшин дахиад нэмэгдчихлээ.

-Энэ механик өсөлтийг хэрхэн зогсоох вэ?

-Аймгийн Засаг даргаас өгсөн чиглэл байгаа. Бидний барьж байгаа бодлого, “Оюутолгой” ХХК-тай ярилцаж байгаа асуудал бол миний түрүүнд хэлсэн үндсэн иргэд болон 3-5 жил болсон иргэдийг ажилд авъя. Сүүлд шилжиж ирж байгаа иргэдийг тухайн мэргэжлийн төрөл чиглэлээс хамаарч ажилд авъя гэж байгаа. Хөрш зэргэлдээ Манлай, Баян-Овоогийн иргэд Ханбогд руу шилжиж ирсээр байгаад сум нь хүнгүй боллоо шүү дээ. Ер нь бол ажиллах хөдөлмөрлөх насны бүх залуучууд нь Ханбогдын иргэд болчихлоо. Тиймээс 80 ажлын байр хэрэгтэй бол түүнээс арав арвыг дээрх хоёр суманд зарладаг байх нь зөв. Тэгж байж Ханбогд руу явахын оронд нутагтаа байж байгаад л Оюутолгойд ажилд ордог болно. Ийм л бодлогыг Ханбогд сумын удирдлагуудын зүгээс  дэвшүүлж байгаа. Бид энэ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө зогсоно.

-Ханбогд сум дан ганц Оюутолгойгоос хамаарахгүйгээр эдийн засгаа чадавхижуулах боломжтой гэлээ. Ямар салбараа түлхүү хөгжүүлэхээр зорьж байна вэ?

-Олон чиглэл бий. 1960 оноос хойш үе үеийн орон нутгийн удирдлагууд малчид, зоо техникчдийн олон жилийн хөдөлмөрийн үр шимээр бий болсон Галбын улаан үүлдрийг баталгаажууллаа. Энэ бол Ханбогдчууд бидний хамгийн том баяр. Монголын хамгийн олон тэмээтэй Ханбогд сум Галба хэмээх тэр сайхан ганган улаан тэмээний үүлдрийг баталгаажуулснаар дэлхийн брэнд болгох эхлэл тавигдаж байна. Одоо бид Галбын улаан тэмээнийхээ ноос ноолуурын үнэлэмжийн асуудлыг ярих ёстой. Өнөөдөр торомны ноос микроныхоо хэмжээгээр ноолуураас  ялгаагүй болчихсон. Үүнийг нотлоод брэнд болгож Монголдоо төдийгүй гадаадад бүтээгдэхүүн гаргах боломж  нээгдэж байна. Тиймээс бид Галбын улаан тэмээгээ брэнд болгохыг зорьж байгаа. Хоёрдугаарт, Ханбогд сум маань хүссэн ч эс хүссэн ч хот болно. Энэ хотыг эхнээс нь зөв төлөвлөж хөгжүүлэхийн тулд Ханбогд хотын ерөнхий төлөвлөгөөг гаргах ёстой гэдгийг 2008 оноос бид ярьсан. Сумын үе үеийн  дарга нар, удирдлагууд энэ талаар ярьж, хэлэлцэж загвар нь шинэчлэгдэж өөрчлөгдсөөр ирсэн. Ингээд эцсийн байдлаар Ханбогд хотын ерөнхий төлөвлөгөөг 2015 оны наймдугаар сард батлууллаа. Энэ бол түүхэн шийдвэр. Нөгөө талаар бид зөвхөн уул уурхайг хараад, тэнд л ажилд орвол сайхан амьдрах юм байна гээд суугаад байж болохгүй. Тиймээс Ханбогд сум мал аж ахуйгаа хөгжлүүлье, аялал жуулчлалыг хөгжүүлье гэсэн бодлого барьж байна.

-Ханбогд суманд говийн аяллын маршрутад багтдаг газрууд цөөнгүй бий дээ?

-Тийм ээ. Манай сум аялал жуулчлалын бүс нутаг болох өргөн боломж байгаа. Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын хамгийн том зах зээл Хятад улс. Тэгэхээр бид дан ганц нүүрсээ урагшаа гаргах биш зөрүүлээд 24 цагаар Хятадын жуулчдыг оруулж ирээд өдрийн аялал хийлгэж болно. Ханбогдын Дэмчог хийдийг үзээд дэлхийд алдартай Оюутолгойн бүтээн байгуулалттай танилцан, эртний үлэг гүрвэлийн мөрөөр аялаад буцахад л Ханбогд битгий хэл Өмнөговь аймаг тэр чигээрээ тур оператор болох ирээдүйтэй. Хоёрдугаарт хангайн чиглэлийн аяллын маршрутаар олон жил явсаар байгаад гадаадын жуулчид уйдаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр говийн нуугдмал ертөнц, байгаль, цаг уурын онцлог, элс манхан, үлэг гүрвэл, эртний чулуужсан мод зэргийг үзэх гэж дэлхийн жуулчид хошуурч байна. Говийн гайхамшиг гэдэг аялал жуулчлалыг татах том зах зээл юм. Мал аж ахуйн хувьд өнөөдөр бид тэмээгээ өсгөөд 60-70 мянга хүргээд байх уу, үүлдэр угсааг нь сайжруулах уу гэдгээ бодох ёстой. Ханбогд сум түүхэндээ анх удаа 113 мянган толгой мал тоолуулсан. Энэ маань эргээд бэлчээрийн даац усны хомсдол, нөөцөд хэрхэн нөлөөлөх вэ. Арван жилийн турш малаа өсгөөд 140-150 мянга болгох юм уу, аль эсвэл эрчимтэй, чанартай сайн малыг өсгөн үржүүлж, түүнийгээ эрүүлжүүлээд, мал аж ахуйн лаборатори, махны чиглэлийн асуудлыг нь шийдээд зах зээлд гаргах уу. Оюутолгойнхон Канад, Австралиас хонины мах зөөх биш хажууд байгаа Ханбогдоос, Өмнөговиос махаа авдаг болох хэрэгтэй. Ийм зах зээлийг бий болгохыг зорьж байна. Өнөөдөр Монгол Улс бодлогоор дэмжиж мал экспортод гаргаж эхэллээ. Манай сумтай хил залгаад өмнөд хөршийн том зах зээл нээлттэй байна. Тэр том зах зээлтэй холбогдох Гашуун сухайтын боомт 24 цагаар ажиллаж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан малыг экспортод гаргаж борлуулдаг, малчдын чадамжийг дээшлүүлдэг ийм боломжийг давхар харсан учраас манай сум 10 жилийн хөтөлбөр гаргасан. Энэ хөтөлбөрт туссан хамгийн том шигтгээ нь сум дундын хүний эмнэлгийг бид өнгөрсөн дөрвөн жилд барьж чадлаа. Одоо сум дундын нэгдсэн мал эмнэлгийг барья гэдэг санаа. Энэ бол малаа эрүүл байлгая, тарилгыг нь хийдэг болъё, удмыг нь сайжруулъя гэдэг бодлого. Малынхаа үүлдэрлэг байдал, мах, сүү, ноосных нь чанар гарцыг нэмэгдүүлэх, Галбын улаан тэмээний үүлдрээ дэлхийн брэнд болгох зорилтыг бид тавиад ажиллаж байна.

-Галбын улаан тэмээг хэрхэн дэлхийн брэнд болгох вэ?

-Зөвхөн махыг нь хэрэглэх биш амьдын үнэлэмжийг нь нэмэгдүүлнэ. Мөн дээрээс нь ноос, ноолуурыг нь нэмэгдүүлэх, чанаржуулах, мах сүүний гарцыг нь нэмэгдүүлэх талаар анхаарна. Сахарын өвчин, хорт хавдарт хамгийн сайн эм болдог ингэний хоормог, буцалгааг бид брэнд болгож дэлхийд гаргах боломжтой. Оюутолгойн гүний уурхайд ажиллаж байгаа залуучуудыг ингэний айргаар хангах асуудлыг бид ярьж байгаа.

-Ханбогд сум сүүлийн жилүүдэд асар их өөрчлөгдөж, өргөжин  тэлжээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ хэр өсч байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын  хувьд үсрэнгүй дөрвөн жил болсон. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Ханбогд сум 2012 он хүртэл Монголын 360 гаруй сумаас бараг хамгийн сүүлд дизель генератортой хэвээр байсан. Бид Оюутолгойгоос 35 кВт-ын шугам татаж цахилгаантай болгосон. 5.5 километр газар шугам татах асуудлыг “Оюутолгой” ХХК-д тавьж шийдүүлээд төвийн эрчим хүчинд холбогдсон. Ингэснээр иргэн болгоны халааснаас гардаг мөнгийг бууруулсан. Нэг кВт цахилгааныг 165-195 төгрөгөөр авдаг байсныг өнөөдөр 110-185 төгрөг болгосон. Энэ бол иргэн бүрийнхээ төлөө хийсэн ажил. Хоёрдугаарт, сумын төвдөө засмал зам шинээр тавьсан. Мөн цаашид хот болохын эхлэл болсон анхны дулааны шугамын шангаа татлаа. Анхны орон сууцыг бариуллаа. Дорноговь аймагт ундны уснаас хүнцэл илэрлээ гэж яригдаад байгаа хүнцэл говийн бүх нутагт усанд нь байдаг. Тийм учраас өнөөдөр бид эхлээд замаа тавих уу, ундны усаа цэвэршүүлж хүний эрүүл мэндэд аюулгүй болгох уу гэдгийг бодсон. Энэ талаар “Оюутолгой” ХХК-тай ярилцаж байгаад нэлээд өндөр төсвөөр ус цэвэршүүлэх байгууламж хийлгэсэн.

Цаашид Ханбогд сум 32800 хүн амтай хот болно. Тэр үед усны асуудал чухал болно. Тийм учраас бид цэвэр усны хангамжийн асуудлыг өнгөрсөн 2015 онд тавьж, зам тавихаасаа өмнө шийдсэн. Замаар зорчих нэг асуудал. Иргэдээ аюулгүй байлгах илүү чухал. Оюутолгойн гүний уурхайн асуудал шийдэгдсэн. Одоо зургаадугаар сараас замын ажил нь эхэлнэ. Ингэснээр Ханбогдчууд маань Улаанбаатар хот, Өмнөговь аймаг руугаа мөн өмнөд хил рүүгээ засмал замаар зорчих боломжтой болж байгаа. Энэ боломжийг бид зүгээр сууж байгаад бий болгоогүй. Үүнийг шийдэхийн тулд тодорхой түвшинд, тодорхой шат дараатай арга хэмжээ авсан. Зөвхөн Оюутолгойнхонтой хэрэлдээд суугаад байх биш “Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит компани байна. Монголын төрийн 34 хувийг эзэмшиж байгаа энэ компани орон нутгийнхныг ойлгодог болсон. Сүүлийн дөрвөн жил бид сумынхаа иргэдийн эрх ашгийн үүднээс тэдэнтэй хамтарч ярилцаж олон асуудал шийдсэн. “Оюутолгой” ХХК-ийнхантай чи, би гээд хоёр тийшээ хараад суух биш ололттой, амжилттай талууд дээрээ “За” гэж гар барьж чаддаг. Болохгүй байгаа буруу зөрүү зүйлүүд дээрээ нэгэндээ шударга шаардлага тавьдаг системийг энэ дөрвөн жилд бий болгосон. Цаашдаа орон нутагтай хамтарч байж илүү их зүйл хийх юм байна, амжилтад хүрэх юм байна гэдэг ойлголтын эх суурийг бид тавьсан гэж бодож байгаа. Урьд нь ийм асуудал байгаагүй. “Оюутолгой” компани түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс өөр татварын орлогогүй мөртлөө Ханбогд суманд хийсэн хөрөнгө оруулалт их.

-Сумын хүн ам огцом өсөхийн хэрээр нийгмийн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ муудаж таарна. Энэ асуудлыг яаж шийдэж байна вэ?

-Ханбогд сумын хувьд шилжилт хөдөлгөөн их болсноор өнөөдөр 360 хүүхдийн суудалтай сургуульд 900 гаад хүүхэд хичээллэж байна. Энэ асуудлыг бид “Оюутолгой” ХХК-тай ярилцаад нийгмийн хариуцлагын хүрээнд “Говь Оюу” хөгжлийн сангийн шугамаар Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг нэмж барья гэж шийдсэн. Энэ тоог яаж гаргав гэхээр сургуулийн даац 600 гаруй хүүхдээр хэтэрсэн. Сумандаа хоёр цэцэрлэг ажиллуулаад, Гашуун сухайтын боомтод түр цэцэрлэгт хүүхэд аваад байгаа мөртлөө цэцэрлэгийн хамрах хүрээ 90 хүрэхгүй хувьтай байгаа. 395 хүүхдийн цэцэрлэгт  500 орчим хүүхэд явж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд 200 хүүхдийн цэцэрлэг барих нэн шаардлагатай гэж үзсэн. Сумын хувьд одоо байгаа цэцэрлэг, сургуулийнхаа кабинетуудыг тохижуулах, камержуулах зэрэг орчин үеийн ямар хэрэгцээ шаардлага байна тэр бүхнийг орон нутаг өөрийнхөө давсан орлогоосоо, ОНХС-гаасаа шийдээд явж байгаа. Бид эмнэлэгтээ түргэн тусламжийн машин, сургуульд автобус авч өгсөн. Багш ажилчдын байрыг бүрэн тохижуулж шинээр засварлалаа. Эмнэлгийн ажилчдын сууцыг аймгийн орон нутгийн төсвөөс хөрөнгийг нь шийдэн мөн засварлаж өгсөн. Цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийж камержуулж, гадаад талбайг нь тохижуулсан. Энэ мэтээр жил жилийн давсан орлогоосоо эрүүл мэнд, боловсрол соёлын чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг. Дээрээс нь “Ханбогд хот тохижилт” ОНӨААТҮГ-ыг бий болгосон. Хүссэн хүсээгүй зам тавихаар цэвэрлэгч хэрэгтэй болно. Тэр сайхан “Галба” цэцэрлэгт хүрээлэнг арчлах хүн хэрэгтэй. Хогийн ландфилийг байгуулаад өгөхөөр ашигладаг, ангилдаг, шатаадаг хүн хэрэгтэй болно. Цэнгэлдэх хүрээлэнгээ манадаг хүн хэрэгтэй. Энэ бүхэн тохижилтын асуудал. Сумын Засаг дарга өөрөө нохой алуулаад явдаг үе байсан. Одоо энэ байдлыг халсан. “Ханбогд хот тохижилт” ОНӨААТҮГ тэр ажлыг хийгээд явна. Тэдэнд сум давсан орлогоосоо хөрөнгө оруулалт хийгээд, хот тохижилтын асуудлыг мэргэжлийн түвшинд аваачих асуудлыг бид бодлогын түвшинд шийдэж байгаа. 

-Сумын хүн ам нэмэгдэж барилгажилт тэлэхийн хэрээр газар зохион байгуулалтдаа ямар бодлого барьж байна вэ?

-Ханбогд сумын хувьд хоёр уулын хэвтэш хонхортоо багтаамж муутайхан хот төлөвлөлтийн зураг байгаа. Яагаад газар олголтын асуудлыг хумиад байгаа юм гэхээр нөгөө л газар доорхи хоттой холбоотой. Хэтдээ дэд бүтцийн асуудал шийдэгдэх учраас тэр. Хоёр километрийн цаанаас ажил, сургуульдаа ирж чаддаг байлаа ч гэсэн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдож байж тэр хүн Ханбогд хотод амьдарч байна гэж ярина. Гэтэл төвөөсөө ганц хоёрхон километрийн цаана атлаа хөдөө байгаа хүн шиг амьдрах нь амьдралын тэмүүлэл мөн үү. Хөгжил мөн үү. Тийм учраас тодорхой бодлогоор сумаа Ханбогд хот болгоё, эхний ээлжид энэ хэсгээ хөгжүүлье гэдэг хот төлөвлөлтийг хийлгээд байгаа юм. Тэрнээс газар олгох чөлөөтэй гээд иргэн болгонд өгөөд байвал хэдэн мянган га газар өгөх боломж байна. Гэтэл үүнийг тодорхой хүрээнд, хэмжээ  хязгаартай болгоод байгаа нь газрыг зөв ашиглалт, менежменттэй болгоё, зөв үнэлгээтэй болгоё гэсэн санаа. Хоёрдугаарт газар доорхи хот маань хүн бүрт хүрдэг байлгахын тулд газрыг ингэж хязгаарлаж журамласан хот төлөвлөлт хийгээд байгаа юм.

-Ханбогдод орон сууц баригдаж эхэлсэн байх аа?

-Орон сууцжуулах асуудлыг өнөөдөр л ярьж байгаа юм биш. “Оюутолгой” ХХК-ийн ажилчид хэчнээн мянган төгрөгийн зардал гарган онгоцоор явж байна. 35 хүртэлх насны залуус хэд хоног нь гэртээ, хэд хоног нь уурхайд ажиллаж байна вэ. Энэ тал дээр гэр бүл төлөвлөлт алдагддаг, салалт их байна. Тэгвэл Ханбогд сум Оюутолгойн уурхайн ажилчдын хотхоныг дэргэдээ байлгая. Тэд өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд автобусандаа суугаад ажилдаа очдог. Орой зургаан цагт ажлаасаа бууж гэртээ ирээд амарчихдаг тэр нөхцөлийг бий болгоё. Ажилчдын хотхон байгуулъя гэдэг санал тавьж байгаа. Оюутолгойд тусдаа ажилчдын хотхон бариулахгүйгээр Ханбогд суман дээр төвлөрүүлээд хотоо байгуулж, хамтарч амьдаръя гэж байгаа. Ингэснээр Ханбогд хот маань хөгжинө. Хоёрдугаарт, тэр олон ажилчдын нийгмийн хариуцлагын асуудлыг нэг талд нь гаргаж шийдэж чадна гэдгийг бид “Оюутолгой” ХХК-ийн удирдлагуудад байнга хэлж байгаа. Үүнийг “Оюутолгой” ХХК болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд ойлгож эхэлж байгаа. Тийм учраас Ханбогд суманд тусгайлсан хөтөлбөрөөр мянган айлын орон сууц барих асуудлыг шийд. Эхлээд 200 айлынхыг барьж үзье. Түрээсийн байр барьж үзье гэж байгаа. Оюутолгойд найман жил ажиллах уу, найман сар ажиллах уу гэдэг нь хувь хүнээс шалтгаалдаг эд. Гэхдээ л тэр хүн айлын хашаанд амьдраад байх уу,  хот  руу онгоцоор нисээд байх уу. Машинаар гэртээ очъё гэвэл долоо хоног амрахдаа ирэх, буцах хоёр өдрийг нь замд өнгөрүүлж, таван хоног амрах уу гэдгээ тэд шийдэг. Үүний оронд залуус түрээсийн орон сууцандаа амьдраг. Гэр бүлтэйгээ хамт Ханбогдод амьдарч, Оюутолгойд ажиллах боломж олгохын тулд орон сууцжуулах асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. Тэгээд ч одоо гүний уурхай ажиллаж эхлэхээр уурхайн бүсэд хүн амьдрах боломжгүй болно. Хүссэн  хүсээгүй Ханбогд сумруу төвлөрнө. Ингээд ирэхээр сумын бараа эргэлт нэмэгдэнэ. Худалдаа үйлчилгээ ч өргөжнө. Одоо манай суманд найман нэрийн бараа, худалдаа үйлчилгээний 40 гаруй дэлгүүр бий. Олон зочид буудал, ресторанууд ажиллаж байна.

-Өөр аймаг сумаас хүмүүс ирж Ханбогдод газар худалдан авч байгаа гэдэг. Үүнд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Хот төлөвлөлтийн дагуу бизнес паркийн газар гэж тусад нь төлөвлөсөн. Бид сумынхаа ирээдүйн хөгжлийн эх үүсвэрийг зөвхөн Оюутолгой гэж харахгүй байгаа. Гашуун сухайтын боомт чөлөөт худалдааны бүс болж байгаа учраас тийш чиглэсэн улсын чанартай олон замуудыг ашиглан говийн бараа ханган нийлүүлэлтийн бүс бий болгоно. Зөвхөн “Оюутолгой” ХХК биш “Эрдэнэс Оюутолгой”, “Тавантолгой” ХК-ийг хангадаг хүнд даацын машины дугуй, техник хэрэгсэл, ган бөмбөлгүүд, металлург, химийн бодисыг борлуулдаг том төв тэр бизнес парк дээр цогцоороо бий болно гэж төсөөлж байна. 100 километр хар замаар давхиад л очдог газар. Засгийн газар Гашуун сухайтыг чөлөөт худалдааны бүс болгоно гэж байгаа бол тэндээс 98 километрт бизнес парк хөгжих бүрэн боломжтой. Үүнийгээ аялал жуулчлалын бүстэйгээ холбох юм бол нэг шугамын асуудал болно. Цагаанхад буюу “Хайрхан” багийн нутагт бизнес паркийн хоёр дахь хэсгийг Монголын томоохон аж үйлдвэрийг бий болохоор хот төлөвлөлтийн асуудлуудыг оруулсан. Тийм учраас алсдаа хотын төв болох газар хэмжээний хувьд харьцангуй бага. Хоёрдугаарт бид газрыг үнэлэхгүй байгаа. Үнэхээр бүтээн байгуулалт хийх гэж байгаа газруудад бол хууль тогтоомжийн дагуу газар олгож байгаа. Ингэснээр тэрхүү газар авч байгаа компаниудыг хариуцлагажуулж байгаа юм. Нөгөө талаас өнөөдөр бид газраа өндөр үнэлээд байвал эргээд  тэр мөнгө тухайн газар дээр баригдсан түрээсийн байрны үнэн дээр 200-300 мянгаар нэмэгдэнэ. Тиймээс Ханбогд сумын ИТХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ийм бодлого баримталсан. Аж ахуйн нэгжүүдэд газрыг нь үнэгүй олгоод та нар барьсан орон сууцныхаа метр квадратыг 900 мянга, 800 мянгаас дээш битгий гаргаарай гэдэг шаардлагыг тавьж байна. Тэгж барилга бариулна. Өнөөдөр бид хорьхон га газрыг өндөр үнээр зарвал тэр нь эргээд иргэдийн нуруун дээр магадгүй сая, 400 сая болж бууна. Тэгэхээр энэ бол нэг том бодлого.

Г.Баяр

http://eagle.mn/r/11822