Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллаж, Оюутолгой төслийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдэд  Өмнөговь аймагт ажиллахдаа, Ханбогд суманд орших стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой төслийн үйл ажиллагаа болон баяжуулах үйлдвэр, ил болон далд уурхайн бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь  үзэж танилцлаа.

Түүнийг дагалдан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Оюутолгой төслийн Монголын талын Хувьцаа эзэмшигч "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар нар болон холбогдох бусад хүмүүс Өмнөговь аймагт Оюутолгой төслийн талбай дээр ажиллалаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  "Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг давах гол гарцын нэг нь томоохон төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх явдал бөгөөд бизнесийн зарчмаар, харилцан ашигтай байхаас гадна Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой” гэдгийг онцоллоо.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар "Монголын Засгийн газар Оюутолгой төслийн 34%-ийг эзэмшиж байгаагийн хувьд харилцан ашигтай байх зарчмыг шинэ Засгийн газраас баримталж байгаа, мөн Оюутолгой төсөлд Монголын компаниудын оролцоог нэмэхэд анхаарч, цаашид компанийн засаглалыг сайжруулах талаар олон стандарт бий болгох шаардлага байгаа"-г  онцлон дурдлаа.