Оюу Толгой төслийн дотоодын ханган нийлүүлэгчдийн чадавхийг сайжруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй ярилцлагыг зохион байгуулав

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь “Оюу Толгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34%-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх зорилго бүхий төрийн өмчит компани юм.

Манай компани  нь ОТ төслийн холбогдох гэрээнд заасан дотоодын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, дэмжихтэй холбоотой үүргийг биелүүлэхэд хувь нийлүүлэгч талтай хамтран ажиллахыг гол зорилгоо болгон ирсэн.

Төслийн барилгын үе шат эхлэх үед нийт худалдан авалтын 34 хувийг үндэсний ханган нийлүүлэгчид нийлүүлдэг байсан бол 2016 оны байдлаар уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нийт худалдан авалтын 61 хувийг үндэсний  компаниудаас (50%-с дээш хувийг Монгол Улсын иргэн эзэмшдэг), 20 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай боловч Монгол Улсад бүртгэлтэй, нийт ажиллагсадын дийлэнхи нь Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад  тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас авахаар төлөвлөн ажиллаж байна.

2015 онд төслийн Хувьцаа эзэмшигч талууд “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурснаар 2016 оны 6 дугаар сард далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. Ингэснээр уурхайн үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотойгоор хамтран ажиллаж, ханган нийлүүлэлтийг хийж байсан компаниудад цаашдаа далд уурхайн бүтээн байгуулалтын шатанд бизнесээ өргөжүүлэх, шинээр эхлүүлэх боломжийг бий болгож байгаа юм.

Далд уурхайн хувьд 2016 оны байдлаар барилга угсралтын төслийг удирдах ерөнхий гэрээнүүд болон бусад чухал томоохон гэрээнүүд байгуулан, гэрээний дагуу хийгдэх ажлууд эхэлсэн бөгөөд нийт байгуулагдсан гэрээний 86 хувийг дотоодын ханган нийлүүлэгчидтэй хийсэн байна.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн зүгээс ОТ төслийн дотоодын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ханган нийлүүлэгчдийн чадавхийг сайжруулах, тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй санал солилцох дугуй ширээний ярилцлагыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд зохион байгууллаа. Тухайн арга хэмжээнд дотоодын ханган нийлүүлэгч 32 аж ахуйн нэгж, 2 банк санхүүгийн байгууллагын нийт 39 төлөөлөл оролцлоо.

Нээлттэй хурлын үеэр оролцогч байгууллагын төлөөллүүд тулгарч буй асуудал, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, дараах асуудлуудыг хөндсөн юм. Үүнд:

  • Төлбөрийн хугацаа 45-70 хоног болсноор ханшийн хэлбэлзлээс үүдэн сөрөг нөлөө үүсч байгаа учир төлбөрийн 45 хоногийн хугацааг богиносгох талаар;

  • Ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа ил тод явагддаг хэдий ч тендерт ямар учраас шалгараагүй шалтгааны талаар хариу мэдэгддэггүй;

  • Гүний уурхайн бүтээн байгуулалтад дотоодын ханган нийлүүлэгчдийн оролцоо хангалтгүй байгаа талаар;

  • Төслийн ханган нийлүүлэгчээр ажиллаж буй компаниуд хөрөнгө оруулалт, бизнес стратеги, хүний нөөцийн чиглэлээр өөрсдийн чадавхийг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх талаар;

  • Оюутолгой төсөлд гадаадын ханган нийлүүлэгчдээс нийлүүлж байгаа импортын бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх боломжийн талаар;

зэрэг асуудлууд байна.

Эдгээр санал, асуудлыг багцлан авч, ханган нийлүүлэгчдийг дэмжих, тэдгээрийн тоо болон чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр "Оюу Толгой" ХХК-нд асуудлыг тавьж, үе шаттайгаар хамтран ажиллахаар бид бүхэн төлөвлөж байна.