"Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Армандо Торрес томилогдлоо

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Армандо Торрес томилогдсон тухай тус компаниас мэдэгдлээ.

А.Торрес нь өнгөрөгч 2016 оноос эхлэн “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (TУЗ)-ийн гишүүн бөгөөд Рио Тинто компанийн “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байв. Армандо нь ТУЗ-ийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллана.

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Стивен Жонс тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар цаашид ажиллана.

А.Торрес нь сүүлийн зургаан жил Рио Тинто группт удирдах ажил эрхэлсэн. Тэрбээр ажлын гараагаа Рио Тинтогийн Хөнгөн цагааны группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар эхлүүлсэн ба Австрали, Канад дахь үйл ажиллагааг хариуцан ажилласны дараа Үйл ажиллагаа, өөрчлөлт хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байв.

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “ТУЗ-өөс Армандо Торресийг компанийн Гүйцэтгэх захирлаар томилж буйдаа таатай байна. А.Торрес бизнесийн үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах, дотоод нөөц бололцоог бэхжүүлэх, орон нутагтай харилцаа хамтын ажиллагааг бататгах, ажиллагсдын ур чадварыг сайжруулах чиглэлээр үр бүтээлтэй ажилласан туршлагатай. ТУЗ-өөс Армандог тус компанийг чадварлаг удирдан манлайлж, цаашдын амжилтанд хүргэнэ гэдэгт итгэл төгс байна. Мөн түүнчлэн ТУЗ-өөс Стивен Жонсын оруулж буй чухал хувь нэмэр, чадварлаг манлайллыг өндрөөр үнэлж байна. Стивен Жонс “Оюу толгой”-н цаашдын хөгжлийн эх суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж тэмдэглэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: www.facebook.com/Oyutolgoi; https://twitter.com/OTMongolia; http://ot.mn/.