Оюу толгойн уурхайн гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв нээлтээ хийлээ.

Өмнөговийн Ханбогд суманд байрлах Оюу толгойн уурхайн талбайд   гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв 2019 оны 8-р сарын 13-ны өдөр нээлтээ хийлээ.

“Чандмань” төв нь гүний уурхайн бүх багуудын үйл ажиллагаа болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтын өндөр технологиор тоноглогдсон удирдлагын өрөө, гүний уурхайчидын хувцаслах, шүршүүрт орох болон хооллох, хуралдах танхимууд, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах зэргийг багтаасан 13,570 метр квадрат бүхий хоёр давхар бүтээн байгуулалт билээ.

Энэхүү төвийн цөм болсон уурхайн хяналтын өрөөг “Evans” удирдлагын системээр тоноглосон бөгөөд тус систем нь гүний уурхайн агаарын урсгал, халаалтын систем, цахилгаан ашиглалт болон үйл ажиллагааны явцыг бүрэн удирдлагаар хангах боломжтой систем юм.

Түүнчлэн олон улсад ашиглагдаж буй хамгийн дэвшилтэт технологи болох гүний уурхайн ажилтнуудын хяналтын пайз өлгөх ухаалаг самбарыг суурилуулсан. Тус системийг ашиглан гүний уурхайн ажилчдын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах, шаардлагатай сургалтуудад хамрагдсан эсэхийг мэдэх, гүний уурхайд орсон, гарсан цагийг харах, аюул ослын үед хоргодох байранд орсон ажилтнуудын тоог хянах, тэсэлгээний үед гарч болох аюул ослоос урьдчилан сэргийлэх давуу талууд бүхий цаг хугацаа, зардал хэмнэсэн технологийн тэргүүн шийдэл ажээ.