Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед", “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК (одоогийн “Оюу Толгой” ХХК), "Айвенхоу Майнз Лимитед" компаниудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 онд, “Эрдэнэс МГЛ” ХХК (одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК), Айвенхоу Оюу Толгой (БиВиАй) Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Айвенхоу Майнз Монголия Инк XXK зэрэг хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2009 онд, “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г  2011 онд тус тус байгуулан ажиллаж байна.

Дээрх гэрээ байгуулагдсанаар төсөл хэрэгжүүлэгч "Оюу Толгой" ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХХК (одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК) эзэмших болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 348 дугаар тогтоол болон "Эрдэнэс МГЛ" ХХК (одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолуудаар төрийн өмчит "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж "Оюу Толгой" ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийг албан ёсоор шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж байна.

"Эрдэнэс Оюу Толгой" компанийн үндсэн зорилго нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын Оюу Толгой ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюу Толгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх явдал юм.

Бид 2023 оны байдлаар Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох гэрээ, дүрэм, журмаар олгогдсон эрхийн хүрээнд ОТ төслийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн бид компанийн 2023 оны “Бизнес төлөвлөгөө”, зардлын төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, ОТ төслийн үйл ажиллагаанд Хувьцаа эзэмшигчийн хувьд оролцож, ТУЗ-ийн гишүүд болон Хувьцаа эзэмшигчийн төлөөллийг холбогдох мэдээллээр хангаж, ХөОГ болон НӨОДТХНГ-ний дагуу ОТ ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшихтэй холбоотой эрх эдэлж, үүрэг хүлээж, УИХ, Засгийн газрын түвшинд байгуулагдсан “Ажлын хэсэг”-тэй хамтран ажиллаж, ОТ төслийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.